Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх явцад үүсч болзошгүй авлигын эрсдэлийг арилгах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Сангийн яам, Авлигатай Тэмцэх Газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд, албан хаагчдын хамтарсан уулзалт боллоо. Энэхүү уулзалтаар дараах асуудлуудын хүрээнд байгууллагууд тус тусын холбогдох ажлаа танилцуулж, асуулт хариулт, санал солилцох байдлаар уулзалт зохион байгуулагдлаа.
ТХААГ-ын дарга Ц.Батзул төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах чиглэлээр улсын хэмжээнд худалдан авах ажиллагаанд оролцогч, ажил гүйцэтгэл хангалтгүй, хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийн талаар “Ажлын гүйцэтгэлийн түүх” үүсгэж тендерт өрсөлдөх байдлын шалгуур үзүүлэлтэд оруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа танилцууллаа.
Мөн Сангийн яамнаас төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцын ил тод байдалд хяналт тавьж, сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл өгсөн юм.
Барилгын Хөгжлийн төвөөс MNS 7023:2023 Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжих бүтээн байгуулалтын ажлын мэдээллийн самбарт тавих шаардлага бүхий “Мэдээллийн самбар”-ын стандартыг энэ оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр зохих байгууллага, төрийн өмчит компаниудаас түүвэрлэн зохион байгуулах ажлын талаар мэдээлэл өгч оролцлоо.
Мөн гадаадын зээл, тусламжийн санхүүжилттэй төслүүдийн нэгдсэн төлөвлөлт, бүртгэл, хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайланг олон нийтэд ил тод болгох чиглэлээр гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн мэдээллийн ил тод байдалд дүн шинжилгээ хийж, ил тод байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлыг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр холбогдох байгууллагууд хоорондоо мэдээ мэдээллээ нийтэд нь танилцуулж, эдгээр ажлуудын хүрээнд цаашид ямар ажлууд дээр хэрхэн хамтарч ажиллах тухай санал, дүгнэлт гаргасан уулзалт хийлээ.