• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • 7979-0000
  • info@spa.gov.mn

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

img

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2024-02-05 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан“Монгол Улсын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” 2024 оны хоёрдугаар сарын 01-02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрлөө.
Энэхүү зөвлөгөөнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, аймаг нийслэл, сумын засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, төр, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 2700 гаруй төлөөлөгчид оролцож орон нутагт хүн амьдрахад таатай хот, суурин газрыг бий болгох, хөдөө аж ахуйн бизнес хөгжих орчныг дэмжих, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлэх зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэв.
Уг зөвлөгөөн Төрийн ордон, “Туушин” зочид буудал, “Блю-Скай” зочид буудал, “Новотел” зочид буудал, Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн Эрдмийн театр гэх зургаан байршилд 2 өдрийн турш үргэлжилж, бүсүүд өөр өөрийн нөөц, онцлог, давуу талд тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлон, түүнийг дэмжих дэд бүтэц, хүний нөөц, татвар, хөрөнгө оруулалт болон эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бол оролцогчдоос нийт 312 санал, зөвлөмжийг гаргасан байна.
Зөвлөгөөний үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулан батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэхийг Монгол улсын Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ онцолсон юм.