“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
АЛСЫН ХАРАА: Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно.
Эрхэм зорилго:
-үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж,
-үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж,
-хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж,
-хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж,
-амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож,
-ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж,
-өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүрсэн,
-эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг,бүтээлч иргэнтэй улс болж хөгжинө.
НЭГ.ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ
Зорилго 1.Орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчлан судалж, хөдөлшгүй бодит баримтад үндэслэсэн “эх хэл, эх түүх, өв соёлыг” нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар, дархлаатай үндэстэн-улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно.
Үндэсний бахархал, эв нэгдэл
Зорилт 1.1.Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж, хамтын үнэт зүйлс, тэмүүлэл, эх оронч үзэл, эв нэгдлийг бэхжүүлэх үе.
1.Монголчуудын уламжлалт төрт ёсоо дээдлэх эх оронч үзэл, үндэсний эв нэгдэл сэргэнэ.
2.Өв тэгш, үндэсний ухамсарт эх оронч монгол хүнийг төлөвшүүлнэ.
3.Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний онцлог, соёлын хүрээг өргөжүүлнэ.
4.Түүх, соёлын дурсгал, урлагийн бүтээл, утга зохиолд тулгуурлан үндэсний бахархлыг сэргээж, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, өвлүүлж хэвшинэ.
5.Соёл урлагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, хүний нөөцийг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлсэн байна.
II үе шат (2031-2040): Үндэсний бахархлыг иргэн бүрийн үйл хэрэгт шингээж, түүнд тулгуурласан үндэсний эв нэгдлийг төлөвшүүлэх үе.
1.Археологи, палеонтологийн дурсгалын төрөл зүйлийн эдийн засгийн үнэлгээг тодорхойлно.
2.Дэлхийд өрсөлдөх үндэсний археологич, палеонтологичдыг бэлтгэнэ.
3.Үндэсний болон сонгодог урлагийг түгээгч мэргэжлийн байгууллагуудыг барилга байгууламжийн дэд бүтэц, орчин нөхцөл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хөгжмийн зэмсгээр бүрэн хангаж шинэчилнэ.
4.Үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг алдагдуулах эрсдэлийг хянах, түүнээс сэргийлэх чадавхыг бэхжүүлнэ.
III үе шат (2041-2050): Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшиж, эв нэгдэл нягтрах үе.
1.Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшинө.
2.Улс төр, эдийн засаг, нийгэм, шашин зэрэг бүх хүрээнд эв нэгдлийг нягтруулахад чиглэсэн үндэсний хөтөлбөрүүд хэрэгжинэ.
Нүүдлийн соёл иргэншилт монгол
Зорилт 1.2.Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Нүүдлийн өв соёлоо хадгалж, ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үе.
1.Хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэг, чадвар, дадалтай монгол хүнийг бэлтгэнэ.
2.Нүүдлийн соёл иргэншлийг хамгаалахад чиглэсэн төрөлжсөн байгууллагуудтай болно.
3.Үндэсний сор бүтээл, брэнд, үндэсний шинэлэг бүтээл зэргийг монголын нүүдлийн соёлын онцлогт тохируулан бүтээнэ.
4.Хүүхдийн соёлын өв, хөгжлийн төвийг байгуулна.
II үе шат (2031-2040): Монголчуудын үндэсний ижилсэл бэхжиж, нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болох үе.
1.Үндэсний үнэт зүйлд суурилсан соёлын дархлааг тогтвортой бэхжүүлж, уламжлал шинэчлэлийн тэнцвэрт харьцааг хэвшүүлнэ.
2.Байгаль дэлхийд ээлтэй нүүдлийн соёл иргэншлийн бэлгэ тэмдэг болсон монгол гэрийг сайжруулан, хэрэглэхэд хялбар болгон түгээн дэлгэрүүлнэ.
3.Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, бүтээн үргэлжлүүлэх, өвлөн уламжлах үйл ажиллагаанд оролцогч талуудыг дэмжинэ.
III үе шат (2041-2050): Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болох үе.
1.Үндэсний өв соёл, нүүдлийн ахуйг уламжлал, шинэчлэлтэй хослуулсан, нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно.
2.Нүүдлийн соёл иргэншлийн үндэсний хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг уялдуулж, нүүдлийн соёл иргэншлийн тэргүүлэх улсын түвшинд хүрнэ.
3.Үндэсний ижилсэл, өв соёлын талаарх ард нийтийн хандлага бүрэн төлөвшихөд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Монгол хэл, бичиг
Зорилт 1.3.Монгол хэл, бичгээ үндэсний үнэт зүйлийн бүрдэл болгон иргэн бүр чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Үндэсний монгол хэл, бичгээ чанартай эзэмшиж, хэрэглэж хэвших үе.
1.Хүн бүрийн эх хэлний боловсролыг дээшлүүлж, бүх шатны сургалтын байгууллагад монгол хэл, бичгийн боловсролыг суралцагчдад чанартай эзэмшүүлнэ.
2.Монгол хэл, бичгийг нийтээр төдийгүй гадаадын иргэд эзэмших таатай нөхцөлийг бүрдүүлж, нийтийн болон албан хэргийн түвшинд зөв хэрэглэж хэвшинэ.
3.Үндэсний хэл, бичгийн хэрэглээний уламжлалыг хадгалж, шинэчлэлийг хийхэд шинжлэх ухааны байгууллагуудыг дэмжинэ.
4.Монгол хэлийг суралцагч гадаадын иргэдийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрүүд болон олон улсад зориулсан монгол хэлний шалгалтын үндэсний хөтөлбөртэй болно.
II үе шат (2031-2040): Мэдлэг шингэсэн монгол хэл бий болгох үе.
1.Мэдлэг шингэсэн монгол хэлний орчин бүрдэж, монгол хэлний үгсийн баялаг санг хамгаалах сан хөмрөг бий болно.
2.Монгол хэлийг хамгаалж, мэдлэг шингэсэн монгол хэлийг бүтээнэ.
3.Хилийн чанад дахь монгол хэл, соёлын төвүүдийн тоо нэмэгдэж, үйл ажиллагааны хүрээ өргөжсөн байна.
III үе шат (2041-2050): Монгол хэл, бичиг үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бүрдэл болж төлөвших үе.
1.Иргэдийн монгол хэл, бичгийн боловсролыг төгөлдөржүүлж, нэгдмэл үнэт зүйл болгон төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2.Монгол хэлтэй гадаадын иргэд, тэднээр дамжуулан монгол хэлийг гадаадад сурталчлах, сургах үйл ажиллагааг эрчимжүүлж, монгол хэлний орчин бий болгоно.
Эрдэм судлал-нийгмийн соён гэгээрэл
Зорилт 1.4.Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншил, шашин, гүн ухааны судалгааг хийж нийтийн хүртээл болгон хэвшүүлж, нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэлүүдийн судалгааг салбар тус бүрээр гүнзгийрүүлэн хийж, нийтийн хүртээл болгох үе.
1.Үнэт зүйлийн суурь, хавсарга болон гүнзгийрүүлсэн судалгаа тогтворжсон байна.
2.Судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг эрэн сурвалжилж бүртгэн, судалгааны эргэлтэд оруулсан байна.
II үе шат (2031-2040): Гүнзгийрүүлсэн судалгааны бүх үр дүнг төр, нийгмийн амьдралд хэрэгжүүлэх үе.
1.Техник, технологийн шинэчлэлд тулгуурласан судалгаа шинжилгээний аргуудыг үндэсний үнэт зүйлийн судлалд нэвтрүүлсэн байна.
2.Үнэт зүйлийн болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэлийн гүнзгийрүүлсэн судалгааны үр дүнг төр, нийгмийн амьдралд хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
III үе шат (2041-2050): Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэлээр судалгааны бүх үр дүнгийн хэрэгжилт хэвшил болж, нийгмийн соён гэгээрэл өндөр түвшинд хүрэх үе.
1.Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншил, шашин, гүн ухааны судалгааны бүх үр дүнг олон нийтийн хүртээл болгож, нийгмийн соён гэгээрэл өндөр түвшинд хүрсэн байна.
Дэлхийн монгол
Зорилт 1.5.Дэлхий дахинд монгол үндэсний үнэт зүйлсийн дархлаа тогтож, монгол соёлыг түгээн дэлгэрүүлж, гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатны хамтын ажиллагаа төлөвшинө.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Олон улс дахь монгол үндэсний үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлж, монгол соёлын хүрээг тэлэх үе.
1.Монгол хүн бүр үнэт зүйлээ эрхэмлэж, бусдаас ялгарах онцлог, давуу талаа дэлхий нийтэд таниулна.
2.Монголын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах Монголын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй болсон байна.
3.Хилийн чанад дахь Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тогтолцоо бүрдсэн байна.
4. Үндэсний соёл, спорт, хоол хүнс судлал хөгжиж, дэлхий нийтэд танигдсан байна.
II үе шат (2031-2040): Монгол Улсын нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх үе.
1.Дэлхийд өрсөлдөхүйц оюунлаг иргэд бэлтгэгдэнэ.
2.Монголын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах хөтөлбөрүүд өргөжнө.
3. Хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатнуудын оролцоо, хамтын ажиллагаа өргөжиж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд хамтарч ажиллаж хэвшинэ.
4.Үндэсний соёл, спорт, хүнс хоолны үйлчилгээг түгээн дэлгэрүүлсэн байна.
III үе шат (2041-2050): Олон улс дахь монгол үндэсний үнэт зүйлсийн дархлаа тогтож, нүүдэлчин монгол соёлын түрэлт бий болох үе.
1.Монгол соёлыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах үндэсний онцлог бүхий соёлын хөтөлбөрүүд өргөжин тэлнэ.
2.Дипломат харилцаатай дэлхийн улс орнуудад нүүдлийн соёл иргэншлийн төвтэй болж, тус төвөөр дамжуулан монголын соёлыг түгээн дэлгэрүүлэх тогтолцоо бэхэжсэн байна.
3.Үндэсний агуулга бүхий олон ангит кино, тайз, дэлгэцийн бүтээлүүдийг нэмэгдүүлнэ.
4.Нүүдэлчдийн давуу талд суурилсан менежментийн ур чадварыг хөгжүүлж, улмаар монгол соёлын түрэлт бий болно.
ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖИЛ
Зорилго 2.Чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.
Боловсрол
Зорилт 2.1.Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцооны шинэчлэлийн үе.
1.Салбарын хүрээнд судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоо болон олон талт түншлэл бэхэжсэн байна.
2.Иргэн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж, бүх шатны боловсролын залгамж холбоог хангаж, сургалт, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлсэн байна.
3.Суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, бүтээлч, чадварлаг багш, хүний нөөцөөр хангана.
4.Боловсролын салбарын удирдлагын мэдээллийн системийг бүрэн хөгжүүлж, хэрэглэж хэвшсэн байна.
5. Нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, цахим сургалтын нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлсэн байна.
6.Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болсон байна.
II үе шат (2031-2040): Чанартай боловсрол олгох, насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх үе.
1.Бүсийн төв, аймаг, орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, технологийн коллеж, их, дээд сургуулиудын үүрэг, оролцоо нэмэгдсэн байна.
2.Бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан насан туршийн боловсролын нээлттэй, уян хатан тогтолцоо бэхэжсэн байна.
3.Олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий үндэсний судалгааны их сургуультай болсон байна.
4.Боловсролын засаглал, удирдлагын тогтолцоог тодорхой болгож, тасралтгүй сайжрах хариуцлагын тогтолцоог бүрдүүлсэн байна.
III үе шат (2041-2050): Насан туршдаа суралцахуйг дэмжсэн нээлттэй боловсролын тогтолцоог бэхжүүлэх үе.
1. Сургалтын уян хатан арга замуудтай, харилцан уялдаа бүхий бусадтай хамтран амьдрах, ажиллах чадавх (үнэт зүйлс, зан үйл, амьдралын хэв маяг) бүхий иргэнийг бэлтгэнэ.
2.Нээлттэй сургалтын хөтөлбөр, агуулгыг баяжуулж, боловсролын бүх шатанд хиймэл оюун ухаанд суурилсан технологийг нэвтрүүлсэн байна.
Эрүүл мэнд
Зорилт 2.2.Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй тогтолцооны шинэчлэлийн үе.
1.Иргэн, гэр бүл, ажил олгогчийн оролцоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо бэхэжсэн байна.
2.Нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоотой болсон байна.
3.Эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг өргөжүүлэн үндэсний эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдсэн байна.
4.Эрүүл мэндийн хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулсан байна.
5.Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлж, өвчлөл, нас баралтын эрсдэлт хүчин зүйл буурсан байна.
6.Эрүүл мэндийн үйлчилгээнд даатгалын, улсын төсвийн болон хувь хүний санхүүжилтийн зохистой харьцааг бий болгож, хүн амын эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд бүрэн хамруулж, нийт сумыг хамарсан алсын зайн үндэсний сүлжээг бий болгож, хүн амын дундаж наслалт уртассан байна.
7.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, зүрх, судасны өвчлөлөөс болон хорт хавдраас шалтгаалсан нас баралт буурсан байна.
8.Товлолт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, вируст гепатитын өвчлөл, сүрьеэгийн тохиолдлыг бууруулсан байна.
9.Сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан байна.
II үе шат (2031-2040): Амьдралын зөв дадал, хэвшилтэй иргэнийг төлөвшүүлэх үе.
1.Амьдралын зөв дадал, хэвшлийг дэмжих тогтолцоо бүрдсэн байна.
2.Урт хугацааны даатгалын тогтолцоог бүрдүүлж, технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, нэг цэгээс тусламж, үйлчилгээг авах тогтолцоо бүрдсэн байна.
III үе шат (2041-2050): Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үе.
1.Эрүүл насжилтаар бүсийн хэмжээнд тэргүүлэх 10 орны нэг болж, хувь хүний ген, хоол тэжээлийн болон эрүүл мэндийн онцлогт чиглэсэн хиймэл оюун ухаанд тулгуурласан үйлчилгээ нэвтэрнэ.
Гэр бүл
Зорилт 2.3.Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлт, хүний хөгжлийг дэмжих үе.
1.Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжсэн, судалгаа, нотолгоонд суурилсан, гэр бүлд ээлтэй хөгжил, хамгааллын үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
2.Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшлийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.
3.Залуу гэр бүлийг дэмжсэн орчин, нөхцөл бүрдэж, цогц үйл ажиллагааны чанарыг дээшлүүлнэ.
II үе шат (2031-2040): Идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх үе.
1.Зорилтот бүлгийн иргэдийг дэмжсэн, бүтээмжтэй ажил, хөдөлмөр эрхлүүлж, олон талт хөгжил, хамгааллын цогц тогтолцоо бүрдсэн байна.
2.Гэр бүл, хувь хүний хөгжлийн хэрэгцээг дэмжсэн орчин, нөхцөл бүрдүүлж, цогц үйл ажиллагааны чанарыг дээшлүүлнэ.
III үе шат (2041-2050): Нийгмийн идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлийг тогтвортой дэмжих үе.
1.Хүн амын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагаа хэрэгжиж, дэлхийд үнэлэгдэхүйц монгол иргэнийг төлөвшүүлнэ.
Шинжлэх ухаан, инновац
Зорилт 2.4.Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Шинжлэх ухаан, технологийг улс орны тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлж, үр ашигтай үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлэх үе.
1.Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор судалгаа хөгжүүлэлт, инновацын санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоо бүхий төр-шинжлэх ухаан-үйлдвэрлэл, бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдсэн байна.
2. Шинжлэх ухаан, технологи, инновацын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх дэд бүтцийг өргөжүүлж, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоотой болсон байна.
3.Эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс, урамшууллын тогтолцоог шинэчилж, чадварлаг эрдэмтдийг бэлтгэх үндэсний тогтолцоог бий болгож, олон улсын томоохон судалгаанд оролцох боломжийг нэмэгдүүлсэн байна.
II үе шат (2031-2040): Үндэсний шинжлэх ухаан, инновацыг дэлхийн зах зээлд гаргах тогтолцоог бүрдүүлэх үе.
1.Нано, био, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг шинжлэх ухаан, инновацын тэргүүлэх чиглэлд оруулах хөрөнгө, нөөц болон бусад дэмжлэгийг нэмэгдүүлж, ногоон, цахим эдийн засаг, оюуны үйлдвэрлэлийн бүс нутгийн жишигт хүргэнэ.
2.Дэлхийд танигдсан чадварлаг эрдэмтдийг бэлтгэх, тэдгээрийг олон улсын судалгаанд оролцох боломжийг нэмэгдүүлэн, урамшуулах арга замыг бүрдүүлнэ.
III үе шат (2041-2050): Олон улсад өрсөлдөх чадвартай шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх үе.
1.Нано, био, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг тэргүүлэх чиглэл, ногоон, цахим эдийн засаг, оюуны үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэнэ.
2.Өндөр технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжин, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шинжлэх ухаан технологийн хувийн жинг нэмэгдүүлсэн байна.
Хүнд ээлтэй амьдрах орчин
Зорилт 2.5.Амьдралын хэрэгцээг хангасан эрүүл, ая тухтай, таатай орчныг бүрдүүлж баталгаат хүнсээр хангана.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Эрүүл баталгаат орчин бий болгох үе.
1.Орон сууц, ногоон байгууламжийн стандартыг мөрдөж, эрүүл баталгаат амьдрах орчныг бий болгоно.
2.Агаар, ус, хөрс, дуу чимээний бохирдлыг багасгаж, цэвэр, ногоон байгууламж бүхий орчинтой болно.
3.Эрүүл мэндийн болон орчны тандалт, нөлөөллийн үнэлгээ хийх тогтолцоог бий болгож бэхжүүлнэ.
4.Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлнэ.
5.Инновац нэвтрүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж аюулгүй, тэжээллэг хэрэгцээт хүнсээр хангадаг болно.
II үе шат (2031-2040): Амьдралын таатай орчин бүрдүүлэх үе.
1.Тохилог амьдралын таатай орчин бүрдүүлж, орон сууцны хотхон, хорооллын төлөвлөлтийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хог хаягдлын зохистой менежментийг хэвшүүлнэ.
2.Ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар хот, суурин газрын ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлнэ.
3.Хүнсний хангамж, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд тавих эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг боловсронгуй болгож, баталгаат хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой систем бий болгон органик, баяжуулсан, зохицуулах үйлчилгээтэй болон эрүүл хүнсний хэрэглээтэй болно.
III үе шат (2041-2050): Амьдралын хэрэгцээ хангагдсан орчин бүрдүүлэх үе.
1.Орчны бохирдлоос шалтгаалсан хүний эрүүл мэнд, эдийн засагт учрах сөрөг нөлөөлөл бүрэн арилж, хот, сум, суурингуудад авто зогсоол, оршин суугчид амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж, усан сан, биеийн тамирын талбай бүхий тохилог эко орчныг бүрдүүлнэ.
2.Монгол брэндийн эко хүнс экспортлох нөхцөлийг сайжруулж, хүнсний боловсруулах салбарын хөгжлөөр тэргүүлнэ.
Хөдөлмөрийн зах зээл
Зорилт 2.6.Хөдөлмөрийн эдийн засгийн тэнцвэрийг хангаж, мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж, иргэн бүрийг ажилтай, орлоготой болгоно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах, хэрэгцээнд суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог бэхжүүлэх үе.
1.Мөнгө, санхүүгийн бодлогоор ажлын байрыг нэмэгдүүлж, ажлын байрны статистик мэдээллийг аймаг, сум, дүүргээр гаргадаг болно.
2.Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, нээлттэй боловсролын зарчимд тулгуурласан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн тэгш, хүртээмжтэй орчныг бүрдүүлнэ.
3.Хүн амын бүлэг бүрийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
4.Оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим, зайн ажлын байрыг нэмэгдүүлэн тогтолцоог нь дэмжиж хөгжүүлнэ.
5.Албан бус хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээлэл сайжирсан байна.
6.Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийн хөдөлмөрийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ажилчдыг бэлтгэж, төгсөгчид ажлын байрыг өөрөө бий болгоход чиглэсэн мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлнэ.
7.Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдал нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин буурч, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн байна.
II үе шат (2031-2040): Бүтээмжид суурилсан, хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог бэхжүүлэх үе.
1.Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, ажлын байрны шингээлт ихтэй аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрлэл, бүтээмжтэй үйлчилгээний салбарууд, орчин үеийн цахим салбар, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн үнэлгээ, цалин хөлсний оновчтой хэлбэрийг бүрдүүлнэ.
2.Олон улсад оюуны бүтээл, мэдээллийн технологийн болон зөвлөх үйлчилгээг дэмжих зуучлагч компани, төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
III үе шат (2041-2050): Мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж, хүн бүр ажилтай, орлоготой болох орчин, нөхцөлийг бүрдүүлэх үе.
1.Цахим эринд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
Монгол хүний удмын сан
Зорилт 2.7.Монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлж, монгол хүний хөгжлийг дэмжинэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Угийн бичиг хөтлөх уламжлалыг сэргээх, дэмжих үе.
1.Угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2.Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх үндэсний уламжлалыг сэргээн хөгжүүлнэ.
3.Цус ойртолтоос сэргийлж, удамшлын өвчин болон төрөлхийн согогтой хүүхдийн эрт оношилгооны чадавхыг дээшлүүлнэ.
4.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшнийг хадгалах, хяналт тавих тогтолцоо бүрдэнэ.
II үе шат (2031-2040): Удмын сангийн аюулгүй байдлыг хангах үе.
1.Цус ойртолтоос хамгаалдаг болсон байна.
2.Иргэдийн удмын хэлхээг тодорхойлох мэдээллийн систем хөгжүүлж, хэрэгжүүлнэ.
3.Удамшлын өвчин эмгэг, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх, эмнэлэг, удамшил зүйн хяналтын тогтолцоог хөгжүүлнэ.
III үе шат (2041-2050): Монгол хүний генийг хамгаалах судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх үе.
1.Хувь хүний генетикийн чадварт суурилсан судалгааг хөгжүүлнэ.
2.Хүн амын генетикийн тооцооллын аргаар аймаг бүрийн хүн амд шууд цус ойртолтын (FIS) болон нийт цус ойртолтын (FIT) коэффициентыг тооцоолж, дүн шинжилгээнд үндэслэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3.Хүн бүр удмын мэдээлэл агуулсан цахим үнэмлэхтэй болно.
ГУРАВ.АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА
Зорилго 3.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг бүрдүүлнэ.
Нийгмийн хамгаалал ба даатгалын тогтолцооны шинэчлэл
Зорилт 3.1.Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэх үе.
1.Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлнэ.
2.Тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлсэн байна.
3.Хүн амын бүлгүүдийн ялгаатай хэрэгцээ, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг үзүүлнэ.
4.Нийгмийн халамжийн үйлчилгээнд хүн амын эмзэг бүлгүүдийг бүрэн хамруулна.
5.Зорилтот, эмзэг бүлгийн өрх, иргэний амьжиргаанд хүрэлцэхүйц хэмжээний нийгмийн халамжийн тусламж, дэмжлэгийг үзүүлдэг болно.
6.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгоно.
II үе шат (2031-2040): Эрсдэлээс сэргийлсэн нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах үе.
1.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлсон байна.
2.Тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болно.
3.Тэтгэврийн даатгалын хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжиж, 1979 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг бодит хуримтлал болгоно.
4.Зорилтот, эмзэг бүлгийн хэрэгцээ, орон нутгийн онцлогт нийцсэн халамжийн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
5.Ахмад настанд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвүүдийг байгуулсан байна.
III үе шат (2041-2050): Амьдралын чанарыг сайжруулахуйц нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх үе.
1.Тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх үе шат эхэлсэн байна.
2.Нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээг өрх, иргэдийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.
Орлогод нийцсэн орон байр
Зорилт 3.2.Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй сууцаар хангах тогтолцоог бүрдүүлэх үе.
1.Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй сууцаар хангах тогтолцоотой болсон байна.
2.Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо бэхэжсэн байна.
II үе шат (2031-2040): Худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, ногоон хөгжлийн загварт нийцсэн орон сууцны чанар, стандартыг сайжруулах үе.
1.Гэр хорооллын нөхцөлийг сайжруулж, хүн амын худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулна.
III үе шат (2041-2050): Хэрэгцээнд нийцсэн чанартай, тохилог орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх үе.
1.Өрх, гэр бүлийг эрэлтэд нийцсэн, худалдан авах чадварт тохирсон, чанартай, тохилог орон сууцаар хангадаг болсон байна.
Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес
Зорилт 3.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнес эрхлэх арга, ур чадварыг хөгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Хөдөлмөр эрхлэлт, бүтээлч санаачилга, хандлага болон ур чадварыг хөгжүүлэх, аж ахуй эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх үе.
1.Залуучуудад бизнес эрхлэх зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүх төрлийн дэмжлэг, туслалцааг үзүүлэх, орчин, нөхцөл бүрдсэн байна.
2.Бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих орчин бэхжиж, төлөвшсөн байна.
3.Бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдлыг хөхиүлэн дэмжиж, ядуурлын түвшин буурч, нийгмийн дундаж давхарга өргөжсөн байна.
4.Нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.
5.Малчин, тариаланчдын 75 хүртэл хувийг өрхийн аж ахуй эрхлэхэд нь хүрэлцэхүйц чадалтай цахилгааны эх үүсвэр, техник, технологиор хангах, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл болон бусад төрлийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчин өрх, тариаланчдын бэлтгэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх оновчтой тогтолцоог бий болгосон байна.
6.Малчид, тариаланчид бизнесийн тогтвортой орлогын эх үүсвэртэй болсон байна.
II үе шат (2031-2040): Жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үе.
1.Инновац, технологи нэвтрүүлэх, мэдлэг хуваалцах чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн нөхцөл бүрдэж, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлж, бичил, жижиг, дунд бизнес олон улсад өрсөлдөх боломжтой болсон байна.
III үе шат (2041-2050): Бичил, жижиг, дунд бизнес эрхлэлтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үе.
1.Олон улсад өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэлтийн соёл бүрэн төлөвшиж, инновац, шинэ технологи, мэдлэг шингэсэн бичил, жижиг, дунд бизнесийн хөгжил дэлхийн жишигт хүрсэн байна.
Дундаж давхаргыг дэмжсэн санхүүжилт
Зорилт 3.4.Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлж, эрсдэлээс хамгаална.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг бэхжүүлэх үе.
1.Зорилтот санхүүжилт, хөнгөлөлт, хүртээмжтэй үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдсэн байна.
II үе шат (2031-2040): Дундаж давхаргыг бэхжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх үе.
1.Эрэлтэд нийцүүлсэн зорилтот санхүүжилт, хөнгөлөлтийг тасралтгүй хөгжүүлж, дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд зориулсан төсвийн хуваарилалт, зарцуулалт нэмэгдсэн байна.
III ҮЕ ШАТ (2041-2050): Дундаж давхаргыг тэлж, санхүүгийн эрсдэлээс бүрэн хамгаалах үе.
1.Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн өрх, гэр бүлд ээлтэй банк, санхүүгийн үйл ажиллагаа тогтворжиж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжих, эрсдэлээс хамгаалах бодлого хэрэгжиж, өрх, гэр бүл өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой болсон байна.
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг
Зорилт 3.5.Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлнэ.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх үе.
1.Хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлнэ.
2.Биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоо боловсронгуй болсон байна.
3.Биеийн тамир, спортын салбарт цахим үйлчилгээ нэвтэрч, үндэсний нэгдсэн мэдээллийн сан бүрдсэн байна.
4.Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөгжил, чадавхжуулалт, дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
II үе шат (2031-2040): Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэнийг төлөвшүүлэх биеийн тамир, спортын чанар, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх үе.
1.Идэвхтэй амьдралын дадал хэвшлийг дэмжих тогтолцоо бүрдэж, хот, суурин газрын орон сууцны хотхон, хорооллын төлөвлөлтөд биеийн тамир, спортоор хичээллэх, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, тохилог, таатай орчныг бий болгоно.
2.Амьдрал, ажил, мэргэжлийн хэв маяг, агуулгын өөрчлөлттэй холбоотойгоор биеийн тамир, спортын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлж, авьяасыг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.
III ҮЕ ШАТ (2041-2050): Биеийн тамир, спортын идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүл төлөвших үе.
1.Биеийн тамир, спортоор хичээллэх өдөр тутмын амьдралын идэвхтэй дадал хэвшилтэй иргэн, гэр бүлийг төлөвшүүлэхэд хиймэл оюун ухаанд тулгуурласан технологи, үйлчилгээг нэвтрүүлнэ.
Газрын харилцаа
Зорилт 3.6.Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Монгол Улсын газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлж, хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үе.
1.Газар, түүний нөөцийг зохистой, үр дүнтэй ашиглах, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод газрын харилцааны орчин бүрдсэн байна.
2.Газрын бирж, олон зориулалттай кадастрын нэгдсэн системийг нэвтрүүлж, газрын нэгдмэл сан, түүний ашиглалтад тавих төрийн хяналтын тогтолцоо боловсронгуй болсон байна.
3.Газар ашиглалт, газрын мониторингийн байнгын ажиллагаатай хяналтын систем бий болж, газрыг хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоо бүрдэнэ.
4.Монгол Улсын геодезийн сүлжээг шинэчлэн сайжруулж, нийт нутаг дэвсгэрийг бүх төрлийн масштабын байр зүйн зургаар бүрэн хангана.
II үе шат (2031-2040): Байрлалд суурилсан орон зайн мэдээлэл бүхий ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үе.
1.Газрын хяналт, удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгож бэхжүүлнэ.
2.Үндэсний орон зайн мэдээллийн нэгдсэн платформыг бий болгон хөгжүүлж, хэрэглэж хэвшсэн байна.
III үе шат (2041-2050): Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах үе.
1.Хүртээмжтэй, ухаалаг газрын удирдлага, менежментийн тогтолцоо бий болж, бэхэжсэн байна.
ДӨРӨВ.ЭДИЙН ЗАСАГ
Зорилго 4.Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно.
Чинээлэг монгол
Зорилт 4.1.Макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлж, дундаж давхаргыг нийгмийн зонхилох бүлэг болгоно.
Зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн
I үе шат (2021-2030): Засгийн газрын хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэж, үр ашгийг дээшлүүлэх, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх үе.
1.Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, өрийн дарамтыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нөхцөл бүрдсэн байна.
2.Төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлсэн, үр ашигтай, хариуцлагатай төсөв, санхүүгийн тогтолцоотой болсон байна.
3.Гадаад валютын албан нөөц эрсдэл даахуйц хэмжээнд хүрч өссөн байна.
4.Эдийн засаг жил бүр тогтвортой өсөж, ажил эрхлэлт тасралтгүй нэмэгдсэн байна.
5.Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, иргэдийн худалдан авах чадвар дээшилсэн байна.
6.Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлсэн байна.
II үе шат (2031-2040): Үндэсний хуримтлал бүхий макро эдийн засгийн орчныг бүрдүүлэх үе.
1.Үндэсний хуримтлалын хэмжээг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэл сайжирсан байна.
III үе шат (2041-2050): Макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангаж, бүрэн ажил эрхлэлттэй, инфляцын нам түвшин бүхий макро эдийн засгийн орчныг бүрдүүлж, дундаж давхаргыг нийгмийн зонхилох бүлэг болгох үе.
1.Дундаж давхарга нийгмийн зонхило<

