Төрийн албаны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан туурвиж 2020 онд хэвлүүлсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор, профессор Дорждамбын Зүмбэрэллхамын “Төрийн алба:шинэтгэлд шимтэхийн учир” номын танилцуулгыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Төрийн албаны зөвлөл хамтран цахимаар зохион байгуулж, албан ёсоор олон нийтийн хүртээл болголоо.
Монгол улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болох мэргэшсэн төрийн албыг хэрхэн бэхжүүлэх талаар бодлого тодорхойлогчид, судлаачид, олон нийтэд зориулан бичсэн эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, нийтлэл ярилцлагуудаас бүтсэн энэхүү номын танилцуулгад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах, Удирдлагын академийн дэд захирал, доктор Ш.Батсүх, Дотоод хэргийн их сургуулийн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчид, яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, захиргаа, удирдлагын нэгжийн дарга, агентлагуудын хүний нөөцийн ажилтан, аймаг, нийслэл, дүүрэг, сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаач, эрдэмтдийн төлөөлөл 360 албан хаагчид цахимаар оролцов.
Доктор Х.Эрдэм-Ундрах уг бүтээлийг танилцуулахдаа төрийн албаны хууль тогтоомжийн шинэтгэлийн хүрээнд судалгаа, сургамж, тайлбар хосолсон даацтай бүтээл хэмээн онцоллоо. Номын талаар Дотоод хэргийн их сургуулийн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар “...Төрийн албан хаагч иргэдэд төрийн нэрийн өмнөөс үйлчилдэг үйлчлэгч болохыг ойлгуулахуйц, эрхэмлэх үнэт зүйлийг нь нэгтгэсэн бүтээл болжээ. Тэрээр төрийн албаны шинэтгэлийн үйл хэргийн эхлэлээс нь өнөөг хүртэл манлайлан оролцож байгаагийн дээр төрийн албаны мерит зарчмыг ханган сонгон шалгаруулалтаар Төрийн албаны зөвлөлд ажиллаж байгаа нь шинэтгэлийн сайн жишээ...” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол Удирдлагын академийн дэд захирал, доктор Ш.Батсүх “...Д. Зүмбэрэллхам нь 2008, 2017 онуудад хийгдсэн төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн ажлын хэсэгт ажиллан, хууль батлахад оролцох зэргээр эрх зүйн шинэчлэлийг манлайлж ажилласан эрхзүйч эрдэмтэн юм. Төрийн албаны их ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээний судалгааныхаа ажлыг тасралтгүй үргэлжлүүлж явдаг хүн. Судалгааны өгүүлэл бичих, илтгэл ярилцлага өгөх зэргээр төрийн албаны шинэтгэлийг зөв чигт залахад бодлого боловсруулагчдын анхаарлыг татаж, нөлөөлж чаддаг мэргэшсэн судлаач, төрийн түшээ гэдгээ харуулсан түүний энэхүү ном нь нөгөө талаар шинэтгэлийн түүхийг харуулсан бүтээл болжээ...” хэмээн дүгнэлт, сэтгэгдлээ илэрхийлж, зохиогчид амжилт хүслээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Д.Зүмбэрэллхам номын бүтэц, агуулгын талаар танилцуулахдаа “...төрийн албыг шинэтгэх үйлсэд зүтгэсэн он жилүүдэд өөрт ямар итгэл үнэмшил төрсөн талаараа уншигчдад учирлан таниулах зорилгоор энэхүү номоо “шинэтгэлд шимтэхийн учир” хэмээн нэрлэсэн гэдгээ тайлбарлаад чадахуйн зарчимд суурилсан, шатлан дэвших тогтолцоонд шүтсэн, улс төрийн нөлөөллөөс ангид, тогтвортой, мэргэшсэн, чадварлаг төрийн албыг өөрсдийнхөө үед цогцлоож үр ашгийг нь хүртэх, хойч үедээ нандин өв болгон үлдээхийн төлөө хамтдаа нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэцгээе” хэмээн төрийн албан хаагчиддаа хандан уриаллаа.
Танилцуулгын арга хэмжээг хааж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг үг хэлэхдээ шинэтгэлийн явцын замналыг тусгаж, бэрхшээл саадыг хэрхэн даван туулах арга замын талаар тусгасан энэ бүтээлийг төрийн албан хаагчид ширээний номоо болгож, ажил амьдралдаа тусган хэрэгжүүлэхийг зөвлөлөө. Ийнхүү төрийн албаны шинэтгэлийн түүх, өнөөгийн сорилт боломж, ирээдүйн хүрэх цэгийг тодорхойлоход чиглэгдсэн агуулга бүхий нэгэн шинэ бүтээл уншигчдын гар дээр тавигдаж, төрийн албан хаагч, судлаачид, уншигчдын гарын авлага, ширээний ном болж шинэтгэлд шимтүүлэхийн хөтөч боллоо.
Эх сурвалж: https://csc.gov.mn/s/44/931