• Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • (+976) 261614
  • info@spa.gov.mn

ДУЛААНЫ ТООЛУУРЫГ “ЕРӨНХИЙ ГЭРЭЭ”-ГЭЭР ХУДАЛДАН АВНА

img

ДУЛААНЫ ТООЛУУРЫГ “ЕРӨНХИЙ ГЭРЭЭ”-ГЭЭР ХУДАЛДАН АВНА

2020-09-24 Мэдээ мэдээлэл

        Эрчим хүчний зохицуулах хорооны сургалтын танхимд  2020 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр Засгийн газрын 144 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнүүдэд дулааны тоолуурыг суурилуулах, ашиглахтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулагдлаа.

      Төрийн худалдан авах ажиллагааны газарт Эрчим хүчний яам, Эрчин хүчний зохицуулах хорооноос хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу Дулааны тоолуурыг “Ерөнхий гэрээ”-гээр худалдан авахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад төсөвт байгууллагуудыг  тоолууржуулах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ үед тоолуур суурилуулах, дулааны тоолуур, хэмжих хэрэгсэлд тавих шаардлага, стандарт, суурилуулах үед анхаарах асуудлууд, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

        Сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш нар, Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэн, Төрийн худалдан авах ажиллагааны газар, “УБДС” ТӨХК-ийн Хэмжүүр хяналт, баталгаажуулалтын алба, дулааны тоолуур борлуулагч компаниудтай хамтран зохион байгуулсан ба Төрийн худалдан авах ажиллагааны газрын зүгээс Ерөнхий гэрээний талаарх ойлголт, холбогдох хууль тогтоомж, журмыг танилцуулан сургалтад оролцлоо.

       Сонирхуулахад, “Дулааны тоолуур худалдан авах, суурилуулах ерөнхий гэрээ байгуулах” төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер 2 дахь удаагаа зарлагдсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 14 цагт уг тендерийн нээлт болох юм.